“ДСЦТС” ХК-ийн үүсэн байгуулагдсаны 60 жилийн ой, Сүхбаатар салбарын 60 жилийн ойн хүрээнд “Спортын наадам-2025” амжилттай зохион байгуулагдаж шилдгүүдээ тодрууллаа.

Жил бүр уламжлал болгон зохиогддог “Спортын наадам-2025” 2-р сарын 20-23-ний хооронд 4 өдрийн турш бильярд, шатар, ширээний теннис, дартс, олс таталт, волейбол, сагсан бөмбөг гэсэн спортын долоон төрлөөр хурд хүч авхаалж самбаагаа дайчлан нөхөрсгөөр өрсөлдөн амжилттай болж өндөрлөлөө.
Уг спортын наадамд Сүхбаатар, Зүүнхараа, Жаргалант, Хөтөл салбарууд болон нийт 11 нэгжийн 200 гаруй баг тамирчид оролцсон юм.
Өнгөрсөн хагас зуун жилийн түүхэнд тус байгууллагаас олон спортын алдартнууд төрөн гарсан бөгөөд одоогийн байдлаар ширээний теннис, шатар, сагсан бөмбөг, волейбол, төрлөөр Спортын мастерууд ажиллаж хөдөлмөрлөхийн хажуугаар олон улсын чанартай уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцдог билээ.
Багийн нийлбэр дүнг медалийн чанараар дүгнэн:

Цомын эзэн 1-р байранд ЗАХИРГАА-ны баг 3 алт, 1 хүрэл медаль

2-р байранд Б.Оюундэлгэр даргатай АШИГЛАЛТ ЗАСВАРЫН АЛБА-ны баг 2 алт, 1 хүрэл медал, 1 тусгай байр

3-р байранд М.Энх-Амгалан даргатай ЗҮҮНХАРАА САЛБАР-ын баг 2 алт, 1 хүрэл медаль авснаар тус тус тодорлоо.
Компанийн түүхт 60 жилийн ойгоо тохиолдуулан шилжин явах цомоо үүрд хадгалан үлдээхээр болсон нь спорт наадмын онцлох үйл явц байлаа.
Мөн нэмж сонордуулахад шинэ залуу тамирчид олноор оролцож жил бүр тамирчдын ур чадвар сайжирч байгааг тэмцээний шүүгчид онцлон дурдаж байсан юм.