#ЭрсдэлгүйДархан аян Дархан-Уул аймгийн хэмжээнд хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Тус аяны өмнөх оны шилдгээр шалгарсан Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газартай урт хугацааны санамж бичиг байгуулсан бөгөөд энэ удаад эрчим хүчний эрсдэлгүй Дархан хот зорилтын хүрээнд айл өрхүүдийн цахилгааны аюулгүй байдлыг хангуулах ажлыг өнөөдрөөс /2022.03.16/ эхлүүллээ.

Тус үзлэгийн үйл ажиллагаанд ДСЦТС ХК-ийн 35 инженер техникийн ажилтнууд оролцож байна.

Дархан-Уул аймгийн хэмжээнд ахуй гал түймрийн шалтгаан нөхцлийн тодорхой хувийг цахилгаан эрчим хүчний буруу ашиглалтаас үүдсэн тохиолдол эзэлдэг байна.

Дархан-Уул аймгийн ОБГ, ДСЦТС ХК-ийн ажилчид албан хаагчдаас бүрдсэн хамтарсан багууд айл өрхүүдийн гэр байшингийн аюулгүйн зай хэмжээ алдагдсан эсэх, бага насны хүүхэд гэрт нь цоожлон үлдээдэг эсэх, гэрийн цахилгааны шугамын ачаалал хэтэрсэн эсэх, орон сууцны цахилгааны гадна оруулга, кабель шугам стандарт шаардлага хангасан эсэх, дотор монтаж, газардуулга, хэт хүчдлийн хамгаалалтын шаардлага хангасан эсэхэд хяналт тавьж, заавар зөвлөмж өгч ажиллах юм. Үзлэгийн үеэр цахилгааны аюултай нөхцөл байдал үүссэн тохиолдолд иргэдийн амь нас эд хөрөнгө эрүүл мэндийг хамгаалах зорилгоор эрчим хүчийг түр түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авч ажиллах юм . Үзлэг энэ сарын 16-наас 18-ны өдрүүдэд Дархан, Шарын гол сумдад үргэлжилнэ.