4 C
Ulaanbaatar, MN
Thursday, August 24, 2017

Эрчим хүчийг хэмнэх энгийн аргууд

Оффисын эрчим хүчийг хэмнэе

  1. 1.    Компьютер – Дараах тохиргоог хийснээр шаардлагагүй үед дэлгэцийг бүрэн унтрааж компьютерийн эрчим хүч зарцуулалтыг 40 хувь бууруулах боломжтой.Settings – Control panel – Power options – Turn off monitor – after 3 min болгон тохируулах
  2. Гэрэл – Албан тасалгаанаас гарахдаа гэрлийг заавал унтраах. Жишээлбэл: цайны өрөө, хурлын өрөө, оффисын албан тасалгаа, нярвын өрөө г.м.
  3. Мэдээлэл холбооны хэрэгслүүд – цаас урагч машин, гар станц цэнэглэгч, сканнер, принтер зэрэг нь харьцангуй бага чадалтай ч удаан хугацаагаар ашиглагддаг тул цахилгаан эрчим хүчийг ихээр зарцуулдаг бөгөөд эдгээр хэрэгслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний бараг тал хувийг ашиглалтын бус үед буюу зогсонги үед (stand-by) зарцуулдаг. Иймд цахилгаан хэрэгслүүдийг ашиглаж дууссан даруйд бүрэн унтрааснаар цахилгаан эрчим хүч хэмнэгдэх нэг нөхцөл болно.
  4. Хөргөгч – Халуун хүнсний зүйлийг тасалгааны температур хүртэл хөргөж байж, хөргөгчинд хийвэл зохино. Хөргөгчний дотор талыг цэвэр байлгах, мөн хаалга сайн хаагдаж байгаа эсэхийг шалгахад илүүдэхгүй.
  5. Шарах шүүгээ – Хүнсний зүйлийг хөргөгчнөөс гаргаж, тасалгааны температурт хагас цаг орчим байлгасны дараа шарах шүүгээндээ хийх хэрэгтэй.
  6. Хэрэв та оффисоос гарч байгаа хамгийн сүүлийн хүн бол дараах зүйлсийг унтрааж тэжээлээс бүрэн салга. Ингэснээр та цахилгаан эрчим хүчийг 5 хүртэл хувиар хэмнэх боломжтой.

Үүнд:

  • Canon хэвлэгч машин
  • Цаас урагч машин
  • Шарах шүүгээ
  • Ус буцалгагч
  • Уртасгагч
  • Гар станц цэнэглэгч зэрэг болно.

Та дээрх аргуудыг хэвшил болгож чадвал эрчим хүчээ хэмнээд зогсохгүй байгаль орчноо хамгаалах үйлсэд өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулах юм.

Ахуйн цахилгааны зардлаа хэмнэх энгийн аргууд

1. Гэрэлтүүлэг – Цахилгаан бага хэрэглэдэг, гэрэлтүүлэг сайтай эрчим хүчний хэмнэлтэт гэрлийн шил ашигласнаар та ердийн гэрлийн шилнээс 8 дахин урт хугацаанд ашиглаж, 60 хувь бага эрчим хүч зарцуулна. Гэрлийн шил, гэрэлтүүлэгч хэрэгслийг байнга цэвэрлэж байх хэрэгтэй.

2. Цонх – Цонхны шилийг угааж байнга цэвэр байлган байгалийн гэрэлтүүлэг ашигласнаар гэрэлтүүлэгт зарцуулах цахилгааныг 10 хүртэл хувь хэмнэнэ.

3. Хоолны сав – Хоол бэлтгэх сав нь таарсан тагтай, тэгш хавтгай ёроолтой, ёроолын гадаргуугийн хэмжээ нь цахилгаан зуухны ширэмний хэмжээтэй адил, сав суулганы ёроол үргэлж цэвэр байх нь цахилгааныг хэмнэх ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл та Хоол хийж байхдаа тогооныхоо тагийг тэгш тавьснаараа хоолыг болгоход шаардагдах эрчим хүчийг асар их хэмжээгээр нь хэмнэх боломжтой.

4. Тоос сорогч – Та өрөөнийхөө шал, хивсээ цэвэрлэхэд хүрэлцээтэй бага чадлын тоос сорогчийг сонгох хэрэгтэй. Тоос сорогчоо байнга цэвэрлэж байвал тоос сорогчоо урт хугацаанд ашиглахаас гадна эрчим хүчинд хэмнэх боломжтой. Тоос сорогч их чадалтай байх нь чухал биш гэдгийг санаарай.

5. Богино долгионы зуух- Богино долгионы зуухыг бага хэмжээгээр бэлтгэх хүнсийг боловсруулахад ашиглах бөгөөд уламжлалт зуухаас 60 хувь бага цахилгаан зарцуулдаг. Хүнсний зүйлийг хөргөгчнөөс гаргаж, тасалгааны температурт хагас цаг орчим байлгасны дараа халуун зуухандаа хийх хэрэгтэй.

6. Хөргөгч – Хөргөгчний хэмжээ танай ам бүлийн хэрэгцээнд таарсан, мөн тасалгаа бүртээ температурын тохируулагчтай хөргөгч сонгох хэрэгтэй. Тухайлбал хүнс хадгалалтын хэсэгт тавилыг +3 хэм, хөлдөөх тасалгаанд тавилыг -18 хэм дээр тавих хэрэгтэй. Халуун хүнсний зүйлийг тасалгааны температур хүртэл хөргөж байж, хөргөгчинд хийвэл зохино. Хөргөгчний дотор талыг цэвэр байлгах, мөн хаалга сайн хаагдаж байгаа эсэхийг шалгахад илүүдэхгүй.

Хөргөгч, хөлдөөгчийн байршлыг өөрчлөх: Хөргөгчийг плетка, ус буцалгагчийн ойр тавих нь илүү их эрчим хүч зарцуулагдахад хүргэдэг. Жишээлбэл: хөргөгчийг 30-50°С хэмтэй бүгчим халуун өрөөнд байлгах нь энгийн үеээс хоёр дахин их эрчим хүч зарцуулагддаг бөгөөд үүний улмаас хөргөгч жилд 160 кг, хөлдөөгч 320 кг нүүрс хүчлийн хийг тус тус ялгаруулдаг байна.

7. Индүү- Та индүүдэх бүх зүйлээ нэг дор, хувцасны төрөлдөө тохируулж индүүдэх нь эрчим хүч, цаг хугацаа хожих ач холбогдолтой. Өндөр температураар индүүдэх зүйлээ эхэлж индүүдэх, дараа нь температурыг бууруулах дарааллаар хувцсаа индүүдэх хэрэгтэй.

8. Мэдээлэл холбооны хэрэгслүүд – зурагт, хөгжим, радио, компьютер зэрэг нь харьцангуй бага чадалтай ч удаан хугацаагаар ашиглагддаг тул цахилгаан хэрэгслүүдийг ашиглаж дууссан даруйд бүрэн унтрааснаар цахилгаан эрчим хүч хэмнэгдэх нэг нөхцөл болно. Жишээлбэл: телевезийг 21 цаг stand by байлгах нь
гурван цаг асаалттай байлгасны 40%-тай тэнцэхүйц эрчим хүч зарцуулагддаг.

9. Тоолуур – Та цагийн ялгаварт тарифт тоолуур суурилуулснаар цахилгаан хэрэглээний дийлэнх хувийг эзэлдэг индүү, тоос сорогч, угаалгын машин зэргийг 21.00-06.00 цагийн хооронд ажиллуулах замаар цахилгааны төлбөрөө 50 % хүртэл бууруулах боломжтой.

Цахилгаан эрчим хүчийг зөв зохистой, ухаалаг хэрэглэж илүүдэл халаалт, цахилгаан хэрэгслийг сул ажиллуулахыг хязгаарлацгаая!

Эндээс татаж авна уу