Home ХӨДӨЛМӨР АЮУЛГҮЙ БАЙДАЛ Галын аюулгүй байдал

Галын аюулгүй байдал

Гал, гал түймэр гэж юу вэ?

Гал нь шатах материал болон бодис, дулааны эх үүсвэр (шүдэнз, лаа, цахилгаан, химийн урвал гэх мэт), хүчилтөрөгч (агаар) гурвын харилцан үйлчлэлээр бий болдог, гэрэл, дулаан ялгаруулдаг физик, химийн үзэгдэл юм. Гал үүсгэгч дээрх гурван хүчин зүйлийг галын гурвалжин гэх бөгөөд эдгээрийн аль нэгийг тусгаарласан тохиолдолд гал асах, шаталт үүсэх үйл явц болохгүй. Гал үүсэх гурван нөхцөл бүрдсэнээс гал гарч, гал түймрийн дөрөв дэхь хүчин зүйл буюу цаашид дамжин шатах эд зүйл, бодис материал байгаа тохиолдолд ассан гал нь гал түймэр болон өргөжин дэлгэрдэг. Гал үүсч болох бодис, материал, эд зүйлс:

– Хатуу биет (мод, цаас, картон, даавуу, пластик материал гэх мэт)

– Шингэн буюу шингэн хэлбэрт шилжих бодисууд (бензин, тос, тосол, керосин, полиетлин,

полестрин гэх мэт)

– Хий (бутан, пропан, хөнгөн цагаан, магни гэх мэт)

Галын ангилал нь шатах бодис, материалын төлөв байдлаас шалтгаална. Галыг A, B, C, D ангилалд хуваан авч үздэг. А ангилалд хатуу бодисын гал, B ангилалд шингэн бодисын гал, C ангилалд хийн гал, D ангилалд металлын гал ордог байна. Галын ангиллыг тогтоосноор ямар арга хэрэгслээр аль ангиллын галыг унтрааж болохыг тэмдэглэн үзүүлж, гал унтраах ажлыг хөнгөвчлөх ач холбогдолтой. Галын аюултай бүтээгдэхүүн гэж галын аюулын ангилал, зэрэглэлийн дагуу гал асаах эх үүсвэрээс дөллөж авалцан асах буюу уугин асах бүтээгдэхүүнийг хэлнэ.

Гал түймрээс урьдчилан сэргийлэх

Галын гурвалжингийн тухай мэдлэгтэй байгаа тохиолдолд гал үүсгэгч гурван хүчин зүйлийн нэгийг нь тусгаарлаж чадаж байхад гал гарахгүй байх нөхцлийг бүрдүүлж чадна. Гал түймрийн ихэнх тохиолдол нь хүний санамсар болгоомжгүй үйлдлээс болж гардаг. Мөн аянга, газар хөдлөлт, хуурайшилт зэрэг байгалийн үзэгдлээс гал түймэр үүсэх тохиолдол байдаг ч харьцангуй бага байдаг. Аливаа гамшгаас урьдчилан сэргийлэх гол аргуудын нэг нь эрсдэл гарч болохуйц орчинд ажиллаж байгаа хүмүүсийг мэдээллээр хангах явдал юм. Тухайлбал, гал гарсан тохиолдолд тухайн гал ямар бодис материалд, хаана гарч байгаа, түүнээс үүдэн гарч болох үр дагавар, учирч болзошгүй хохирлын талаар дүн шинжилгээ хийн урьдчилсан дүгнэлт гарган мэдээлнэ.

Галын дохиоллын систем гэж юу вэ?

Болзошгүй гал түймрийн аюулыг түргэн шуурхай мэдээлж, хүний амь нас, эд хөрөнгийг хамгаалах зориулалт бүхий дохиоллын систем нь барилга байгууламжийн хэмжээ, зориулалтаас хамааран утсан холбоогоор ажилладаг галын мэдээлэгч, зайгаар ажилладаг мэдээлэгч гэж ангилагдана. Галын дохиолол нь утаа болон дулааны эх үүсвэрээс мэдээлдэг ялгаатай. Утааны мэдрэгч нь болзошгүй аюулыг мэдээлж, арга хэмжээ авах боломжийг илүүтэй олгодог учир гэр, орон сууцанд сонгож хэрэглэх нь зүйтэй. Барилга, байгууламж тоноглох галын дохиоллыг барилгын норм, дүрмийн (БНбД-21-0405) шаардлагаар сонгох хэрэгтэй.

– Утаа гармагц шууд дээш тархдаг учир утааны дохиоллыг гэрийн тооно, баганын ойролцоо, аль болох өндөр цэгт байрлуулах

– Дохиоллын дуут дохиог ямар ч нөхцөлд сонсогдохуйцаар хангалттай чанга дуугарахаар тохируулах

– Зайгаар ажилладаг дохиоллын зайг тогтмол шалгаж, сольж, цэвэрлэж, шаардлагатай бусад үйлчилгээг хийлгэж, ашиглалтын бэлэн байдалд байлгаж занших

Дулаан мэдрэгч                      Утаа мэдрэгч

Цахилгаан хэрэгслийн галын аюулгүй байдлыг хангах:

  •  Цахилгаан хэрэгслийн ачааллыг тохируулж, цахилгааны утас халсан эсэхийг тогтмол шалгаж  байх;
  • Цахилгаан хэрэгслийг анх худалдаж авахдаа бүрэн бүтэн байдал, чанарын шаардлага хангах эсэхийг сайтар нягтлах;
  • Олон оролттой залгуурын ачааллыг хэтрүүлэхгүй байж, гал гарахаас сэргийлэх;
  •  Залгуур бүрийн цахилгааны чадал/ампер янз бүр байдгийг анхаарахад илүүдэхгүй;
  •  Залгуурын чадлын дээд хязгаарыг хэтрүүлэхгүй байх;
  • Цахилгаан хэрэгслийн залгуур гэмтсэн, шалбарсан эсэхийг шалгаж, засварлах, ялангуяа тавилга,   хивс зэргийг дор орж халхлагдсан бол тогтмол шалгаж байх;
  •  Цахилгаан хэрэгслийг тогноос салгах нь гал гарах эрсдэлийг бууруулна, ялангуяа хэрэглээгүй  болон унтахдаа заавал салгах нь зүйтэй;
  • Цахилгаан халаагуурыг хөшигнөөс зайтай байрлуулах, хувцас хатаах зорилгоор ашиглахгүй байх;

Өмсөж байгаа хувцас чинь шатвал яах вэ?

  •  Гүйж болохгүй, гүйвэл гал улам асах болно;
  •  Газар хэвтээд, өнхөрөх нь гал нэмж асахыг багасгана;
  •  Хөнжил, зузаан материалтай цув зэргийг нөмөргөж, галыг унтраах  арга хэмжээ  авах;
  • ЗОГС, ХЭВТ, ӨНХӨР командыг биелүүл!!!

ГАЛЫН АЮУЛААС ҮҮДЭЛТЭЙ БЭРТЭЛ, ГЭМТЛҮҮД,ТЭДГЭЭРИЙН ШИНЖ

ЧАНАР, АНХНЫ ТУСЛАМЖИЙН АРГА ХЭМЖЭЭ

Нэг. Түлэгдэлт

Галын дөл, хэт халуун шингэн, халуун уур, химийн бодис, цахилгаан гүйдэл, цацраг туяа гэх мэт хүчин зүйлийн нөлөөллөөр арьс болон арьсан доорх өөхөн эд, эрхтэн гэмтэхийг түлэгдэлт гэнэ. Шалтгаанаар нь ангилж үзвэл:

  1. Дулааны (халуун шингэн, улайссан хатуу биет, галын дөл, халуун уур гэх мэт)
  2. Химийн (хүчил, шүлт, хүнд металл гэх мэт)
  3. Туяаны (хэт ягаан туяа, рентген туяа, атомын цацраг туяа гэх мэт)
  4. Цахилгааны (аянга, цахилгаан гүйдэл)
  5. Холимог

Дулааны түлэгдлийг гүнээр нь үндсэн 4 зэрэгт хуваадаг.

I зэрэг. Арьс тод улаан өнгөтэй болж хавдана.

II зэрэг. Тунгалаг, цайвар шаравтар шингэн бүхий цэврүү үүснэ.

III зэрэг. Арьсны өнгөн давхарга бүхэлдээ үхэжсэн байна. Арьсны бүх давхарга гэмтэж үхэжсэн байна.

IV зэрэг. Хальс, өөхлөг шөрмөс, булчин, ясаа хүртэл гэмтэж үхжинэ.

Түлэгдэлтийн аюултай эсэх нь:

  • Түлэгдэлт юунаас болж үүсэв (галын дөл үү, химийн бодис уу гэх мэт)
  • Хаана түлэгдсэн (толгойд уу, хөлд үү гэх мэт)
  • Хэр талбай хамарсан
  • Түлэгдсэн хүний нас (хүүхэд үү, том хүн үү)
  • Түлэгдсэн хүний эрүүл мэндийн байдал (хэвтрийн хүн үү, архаг өвчтэй хүн үү)  зэргээс    хамаарна.

Түлэгдэлт нь хэр зэрэг талбайг хамарснаас шалтгаалж 9-ийн тооны дүрмийг баримтална. 9 тооны дүрэм гэдэг нь насанд хүрсэн хүний гарын алгыг 1% гэж үзээд түлэгдэлтийн хэмжээг тогтоохыг хэлнэ. Насанд хүрсэн хүн 25-30%, хүүхэд 10-15% түлэгдсэн тохиолдолд шоконд орох эрсдэлтэй.

  Шинж тэмдэг

Түлэгдэлтийн үед арьсан дээр илрэх дээрх өөрчлөлтүүдээс гадна их хэмжээний талбайг хамарсан тохиолдолд дараах шинж тэмдгүүд илэрнэ.

  •  Судасны лугшилт олширно. (1 минутанд 80-аас дээш)
  • Амьсгал олширно. (1 минутанд 20-оос дээш)
  • Арьсны өнгө цайж, ам хамрын гурвалжин хөхөрнө.
  •  Толгой эргэнэ.
  • Дотор муухайрна.
  • Огиулна.
  • Бөөлжинө.
  • Ам хатна.
  • Ухаан санаа өөрчлөгдөнө.

Түлэнхий өвчнийг эмнэлзүйн шинжээр нь дараах 4 үе болгож үзнэ:

  1. Түлэнхийн шок – цусны бичил эргэлтэнд өөрчлөлт гарна. Шээсний хэмжээ багасна. (1-3 хоног)
  2. Хурц хордлогын үе – цусны эргэлтийн үйл ажиллагаа сайжрахын хамт нөгөө талаас цусанд хорт бүтээгдэхүүн орж, хордлого үүсгэнэ. Уураг, хлор багасч, шингэн их алдана. (3-14 хоног)
  3. Халдвар хордлогын үе – түлэгдэлтийн 7-10 дахь хоногуудад түлэгдлийн гэмтсэн арьсны өнгөн үхэжсэн хэсэг унаж, шарх ил болно. (14-с дээш хоног)
  4. Эдгэрэх үе – эмчилгээний үр дүнгээс хамаарна. Эхний 3 үеийн туршид гарсан өөрчлөлтүүд аажмаар сэргэнэ. Хүнд тохиолдолд (2-4 жил)

Түлэгдэлтийн үед үзүүлэх анхны тусламж

Аль ч хэлбэрийн түлэгдэлтийн үед анхны тусламжийн зарчим нь:

  • Хамгийн эхэнд тусламж үзүүлж буй хүн өөрийн аюулгүй байдлыг хангасан байх
  •  Голомтоос холдуулах, түлж байгаа зүйлийг биеэс зайлуулна.
  •  Урсгал хүйтэн усаар 10-25 минут угаах, химийн түлэгдлийн үед 20-30 минут тасралтгүй усаар угаана.
  •  Нүдэнд орсон бол эрүүл нүд дээр байрлахаар угаана.
  •  Цэвэр боолт хийнэ.
  •  Бие барьсан хувцас, эд зүйлсийг яаралтай тайлж авна (бөгж, цаг, бүс гэх мэт)
  • Өвдөлт намдаах эм тариа хийж болно. (Анальгин, арьсан доор 2%- ийн промедолын   уусмал 1 мл тарина)
  • Эмнэлгийн байгууллагад яаралтай хандана.

Хориглох зүйл

  1.  Түлэгдсэн хэсэг дээр цас, мөс тавих
  2.  Түлэгдсэн хэсэгт үүссэн цэврүүг хагалах
  3.  Түлэгдсэн хэсэгт наалдсан хувцсыг хуулах
  4.  Түлэгдсэн хэсэг дээр хөвөн материал тавих

Түлэнхийн боолт:

  • Химидин 0,5%
  • Тамедин 0,75%
  • Фурациллин 1: 5000
  •  Панкипсины тос
  • Анестезинтэй тос
  • Чацаргананы цэвэр тос, вазелин, антибиотикийн холимог ариутгасан тос
  •  Мөнгөжүүлсэн тос
  •  Фламмазин

Хоёр. Угаартах

Гал түймрээс үүссэн утаа, хорт хийнд хүний амьсгал боогдох, амьсгал боломжгүй болох, улмаар үхлийн аюулд хүргэх ч эрсдэлтэй. Утаа, хийгээр амьсгалсан хүн угаартаж, хорддог. Угаартах үеийн шинж тэмдэг:

  •  Толгой эргэх, өвдөх
  •  Бие сулрах, чих шуугих
  •  Бөөлжих
  • Амьсгал боогдох, ухаан алдах гэх мэт.

Эдгээр шинж тэмдэг илрэхэд өвчтөнд яаралтай тусламж үзүүлэхгүй бол амь насанд аюултай. Ахуйн хэрэглээнд элбэг байх болсон баллонтой хийг ашиглах, хадгалах дүрмийг баримтлаагүйгээс хийнд хордох явдал их гардаг байна. Хий нь өнгө, үнэргүй учир алдагдаж байгаа нь төдийлөн мэдэгддэггүй. Иймд хийн алдагдлыг хэмжих багажийг суурилуулах нь зүйтэй.

Угаартсан хүнд анхны тусламж үзүүлэхдээ:

  •  Утаа, хий бүхий өрөө тасалгаа, орчноос угаартсан хүнийг яаралтай гаргах
  • Хордсон өрөө тасалгаа, орчны цонх, хаалгыг онгойлгож, цэвэр агаар оруулах
  •  Угаартсан хүнд тайвшруулах эм уулгах (валерин гэх мэт)
  •  Угаартсан хүн ухаан алдсан болон амьсгалахад хүндрэлтэй байвал яаралтай  эмнэлгийн тусламж дуудах, эмчийг иртэл нь өвчтөнд хиймэл амьсгал хийх
  •  Ахуйн хийнд хордож угаартсан хүнд тусламж үзүүлэхдээ хувцасны товчийг тайлж амьсгалах замыг чөлөөлөх, толгойд нь хүйтэн жин тавих, спирт үнэртүүлэх, цээжин иллэг хийх, хөлийг цээжнээс өндөр түвшинд хэвтүүлэх арга хэмжээ авна
  • Өвчтөний амьсгал удааширах, тасалдах (минутанд 8-аас доош удаа амьсгалах) үед яаралтай хиймэл амьсгал хийх шаардлагатай.