Home Компанийн тухай Түүхэн замнал

Түүхэн замнал

1965 оны 04-р сарын 01-нд Сайд нарын зөвлөлийн 155 дугаар тогтоолоор Аж үйлдвэрийн яамны харъяа Дархан Сэлэнгийн Цахилгаан шугам сүлжээний газар болон үүсэн байгуулагджээ. Тус газар нь анх байгуулагдахдаа:

–        0,4 кВ-ын агаарын шугам 3,5 км,

–       6 кВ-ын агаарын шугам 2 км,

–       6 кВ-ын кабель шугам 2 км,

–       6/0,4 кВ-ын дэд станц 4 ш,

–       Нийлбэр хүчин чадал 640 кВ байсан.

1965 оны сүүлээр Дархан-Шарын голын 110 кВ-ын агаарын шугам 102 км, 110/35/6 кВ, 110/6 кв, 35/6 кВ-ын дэд станц бүгд 4-ийг ашиглалтанд хүлээн авсан байна.

1973 онд Эрдэнэт хотын болон төвийн бүсийн аймгуудын хэрэглэгчдийг ЦЭХ-ээр хангах гол шугам болох Дархан-Эрдэнэтийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын анхны тулгуурыг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг Зараагийн хөндий гэдэг газарт Монгол-Зөвлөлтийн барилгачид босгосон.

Эрдэнэт хот байгуулагдсанаар тэнд манай харъяа ЦШС-ний салбарыг 1976 онд байгуулжээ.

1976 оны 11-р сард манай улсын Төвийн эрчим хүчний систем нь ЗХУ-ын Дорнод Сибирийн эрчим хүчний системтэй 220 кВ-ын шугамаар  холбогдож Дархан хотод 220/110/35 кВ-ын “Дархан” дэд станц байгуулагдсан нь тухайн үед манай орны эрчим хүчний хөгжилтөд чанарын томоохон өөрчлөлт, улс төр, эдийн засгийн асар их ач холбогдолтой зүйл болсон юм.

Тус газар нь Шарын гол, Эрдэнэт, Сүхбаатар, Бугант гэсэн хөдөөгийн 4 салбартай ажиллаж байгаад БНМАУ-ын СнЗ-ийн 1980 оны 12-р сарын 05-ны 377 тоот тогтоолоор Эрдэнэт-Булганы ЦШС-ний газар байгуулагдахад Эрдэнэтийн салбарыг шилжүүлж, Улаанбаатарын ЦШС-ний газрын харъяанд байсан Зүүнхараагийн салбар тус газрын харъяанд шилжиж ирсэн байна.

Дархан хотын орчимд Хөтөлийн Цемент шохойн комбинат байгуулагдсантай холбогдуулан 1983 онд тус газрын харъяа Хөтөлийн салбарыг байгуулсан.

1989 онд Дархан Сэлэнгийн ЦШС-ний газар, Эрдэнэт-Булганы ЦШС-ний газрыг нэгтгэн Дархан-Эрдэнэтийн ЦШС-ний газрыг байгуулан Дарханы ЦШС-ний контор нэртэйгээр 1 жил ажилласан боловч энэ нь бүтэц зохион байгууллатын оновчтой шийдэл болж чадаагүй учир 1990 онд ЭХГУУУЯ-ны шийдвэрээр буцаан салгаж дахин Дархан Сэлэнгийн цахилгаан шугам сүлжээний газар болгов.

1990 онд Төв аймгийн Заамар сумын нутагт алтны томоохон орд газар нээгдэн тэнд алтны үйлдвэрүүд байгуулагдах болсон учир тэнд Борнуурын дэд станцыг 10000 кВа-гаар өргөтгөн Заамарын алтны орд газар хүртэл 132,8 км, 110 кВ-ын ЦДАШ-ыг 110/35/6 кВ-ын 2х10000 кВа чадал бүхий томоохон дэд станцыг барьж ашиглалтанд оруулсан.

1992 онд газрын дотоод зохион байгуулалтыг боловсронгуй болгох зорилгоор Дархан хот дахь цех нэгжүүдийг районы бүтцэд шилжүүлж энгийн ба түрээсийн гэрээгээр ажиллуулсан.

1993 онд зохион байгуулалтын арга хэмжээ аван дээрх түрээсээр ажиллуулахыг зогсоосон.

1993 онд Дархан хотын АХГЗ-ны шийдвэрээр Дархан хотын орон сууц ашиглалтын 3 конторын харъяанд байсан орон сууцны 0,4 кВ-ын шугамын засвар, үйлчилгээ тус газарт шилжиж ирэв.

1994 онд Төв аймгийн 6 сумын 0,4 кВ-ын шугам, борлуулалтын хамтаар тус газарт шилжиж ирлээ.

1991-1994 онд Зүүнхараагийн дэд станцын 2х2500 кВа трансформаторыг 2х6100 кВа болгон сольж, 35 кВ-ын ИХБ барьсан. Мөн Дулаанхааны 110 кВ-ын 9,9 км шугам, 2500 кВа-н дэд станц, Түнхэл 35 кВ-ын 49 км шугам, 35/6 кВ-ын 1600 кВа-н дэд станц, Дархан хотын Үйлдвэрийн районы 110 кВ-ын 2 хэлхээт 6,9 км ЦДАШ, 2х10000 кВа дэд станц, Тосгоны 2х10000 кВ-ын дэд станц зэрэг томоохон объектуудыг барьж ашиглалтанд оруулжээ.

Улс орны хэмжээнд хийгдэж байсан эрчим хүчний салбарын бүтэц, удирдлага, зохион байгуулалтын өөрчлөлтийн хүрээнд 1999 оноос дахин шинэ бүтцээр ажиллаж анхан шатны нэгжүүд гэрээ, түрээсийн хэлбэрт нэлээд өргөн хүрээтэй шилжиж төв, хөдөөгийн алба, салбарууд засвар, үйлчилгээ, борлуулалтын ажлыг түрээсийн гэрээт хэлбэрээр ажиллуулж туршиж эхэлсэн.

2001 онд бүтцийн өөрчлөлтөд орж Дархан Сэлэнгийн цахилгаан шугам сүлжээ нь Дамжуулах, Түгээх гэсэн хоёр компани болж зохион байгуулагдсан.

Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Эрчим хүчний тухай хуулийн дагуу Засгийн газрын 2001.08.01-ны 164 дүгээр тогтоол, ТӨХорооны 454 дүгээр тогтоолоор зарласан нээлттэй уралдаант шалгаруулалтаар хувьчлагдан “Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ” Хувьцаат компани болон үйл ажиллагаагаа явуулж байна.