Хуваалцах

Засгийн газрын  агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлогын хүрээнд нийслэлийн бүх дүүрэг болон аймгуудын төвүүд 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэсэн цахилгааны шөнийн тарифыг 11 дүгээр сарын 1-нээс эхлэн 50-100 хувь хөнгөлөхөөр болсон юм. Гэр хорооллын хэрэглэгчдэд шөнийн тарифын хөнгөлөлт тооцох ажлыг Засгийн газрын энэ оны 199 дүгээр тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам” ЭХЗХ-ны мөн оны 203, 204 дүгээр тогтоолыг баримталж хэрэгжүүлэх юм.

 Аймгийн төвийн болон 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын бүс дэх хоёр тарифт тоолууртай өрхийн цахилгааны тарифыг 50 хувь хөнгөлөхөөр болсон.  Хөдөө орон нутгийн хэрэглэгчдийн хувьд хөнгөлөлт тооцох цагуудад хэрэглээний хязгаар заагаагүй байна. Энэхүү хөнгөлөлтийг 11 дүгээр сарын 1-нээс ирэх оны 4 дүгээр сарын 1 хүртэл мөрдөх юм байна. Хөнгөлөлт эдлэхийн тулд өмнө нь хэрэглэсэн ЦЭХ-ний төлбөрөө бүрэн барагдуулсан байх шаардлагатай юм. Хөнгөлөлт эдлэх цагийг зарим хэрэглэгч тохиромжгүй гэж шүүмжилж байгаа ч үүнийг мэргэжлийн байгууллагаас тайлбарлахдаа “Манай улсын эрчим хүчний ачаалал хамгийн ихдээ 17-22 цагийн хороонд байдаг. Тэгэхээр 21 цагаас өмнө шөнийн тарифыг тогтоовол хүчин чадал хүрэлцэхгүй бөгөөд эрсдэл үүсэх магадлалтай” гэсэн байна. Шөнийн тарифын хөнгөлөлт эхэлж байгаатай холбогдуулан айл өрхүүдэд цахилгаан хэрэглээгээ зөв зохистой тохируулж, оруулгын утас, цахилгаан хэрэгслийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.

Сэтгэгдэл бичэх